The Universal House of Justice
Ridván 2006
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
2006 оны Ризван болбоос ялалт ба хүсэн хүлээх сэтгэлээр цэнэглэгдсэн цаг мөч бөлгөө. Хаа газрын Бахайчууд эдүгээ өндөрлөж буй Таван Жилийн Төлөвлөгөөний турш гаргасан гарамгай ололт амжилтандаа зүй ёсоор бахархаж болох билээ. Мөн гагцхүү бодит туршлагаар эрс шийдэмгий чанар нь чангарсан тэдгээр хүмүүст л заяагдсан итгэл дүүрэн харцаар ирээдүй лүүгээ харж болох билээ. Өнөө угтан айсуй таван жилийн үйл хөдөлгөөний өргөн цар хүрээ, түүнийг биелүүлэхэд шаардагдах чин үнэнч гүн сэтгэл, хүрэх учиртай үр дүнгийн талаар Бахайн ертөнц даяараа эргэцүүлэн тунгаахуйд сэтгэл догдлон байна. Хүн төрөлхтөнд хүртээсэн Бахауллагийн зорилго цааш нь хэрхэн дэлгэгдэхийг гэрчлэн харах аз гавъяаг хайрласан Түүнд талархал өргөн залбирах та нарын мөргөлд бид ч дуугаа нийлүүлэн мөргөн залбирч байна.
Ариун Газар хуран цугласан Зөвлөхүүдэд хандсан бидний 2005 оны 12 дугаар сарын 27-ны захидал тэр өдрөө л Үндэсний Оюун Санааны нийт Чуулгуудад илгээгдсэн бөгөөд бид түүнд 2006-гаас 2011 он хүртэл үргэлжлэх Таван Жилийн Төлөвлөгөөний онцлог шинжүүдийг тодорхойлон бичсэн юм. Энэ захидлыг нухацтай судлахыг анд нөхөд болоод институциудаас хичээнгүйлэн хүссэн бөгөөд түүний агуулгатай та бүхэн сайтар танилцсан гэдэгт эргэлзэхгүй байна. Бид одоо та нарын хүн бүрт хандан ирэх таван жилийн турш дэлхий дахинаа дор хаяж 1500 кластерт эрчимтэй өсөлтийн хөтөлбөрүүд эхлүүлэх зорилтыг амжилттай биелүүлэх явдлыг баталгаажуулахад өөрсдийн эрч хүчээ дайчлан ажиллахыг уриалан хүсч байна. Зөвлөхүүд Дэлхийн Төвөөс эх орон руугаа буцсанаас хойш Төлөвлөгөө эхлүүлэх суурь бэлтгэл ажил нэг орноос нөгөөд маш түргэн бөгөөд системтэй хийгдсэн явдал нь Бахайн нийгэмлэг эдүгээ өөрт нь ноогдсон агуу том даалгаврыг биелүүлэх хүсэл тэмүүллээр бадарч байгаагийн нотолгоо мөнөөс мөн. Хэдийгээр Төлөвлөгөөний шаардлага хэрэгцээний талаар энд дэлгэрүүлэн авч үзэх шаардлагагүй боловч эргэцүүлэлд тань зориулан та нарын хувийн ба хамтын хүчин чармайлт чухамхүү ерөнхий ямар хүрээнд гарах талаар хэдэн зүйл илэрхийлэхийг хүссэн юм.
Одоогоос бараг дал гаруй жилийн өмнө Шоги Эффенди Дэлхийн Эмх Журамын тухай өөрийн захидлуудыг бичсэн бөгөөд тэдгээрт дэлхий ертөнцөд эдүгээ үйлчилж буй хүчнүүдэд гүн гүнзгий дүн шинжилгээ хийсэн байдаг билээ. Гагцхүү түүнд л заяагдсан цэцэн уран хэлээрээ тэрээр Бахауллагийн Үүдэл нээлтийн улмаас хөдөлгөөнд орсон хоёр агуу үйл явц болох нэг талаас нураан задруулах, нөгөө талаас нэгтгэн нягтруулах, хоёулаа хүн төрөлхтнийг Бахауллагийн үүсгэн байгуулсан Дэлхийн Эмх Журам руу түлхэн хөтөлж буй үйл явцуудыг дүрслэн тайлбарласан юм. Асран тэтгэгч бидэнд, нөр их хөдөлмөрөөр бүтээн байгуулагдаж буй “соёл иргэншлийн хөгжил дэлгэрэлтийн явц туйлын зовлонтой удаан байгаад хууртагдах” юмуу “ялзран доройтож буй эрин үеийн институци байгууламжуудын нэрвэгдэж буй архаг ужиг өвчин эмгэгийн хөнөөгч нөлөөллийг хянах чадвартай мэтээр хааяа хааяа санагдах элбэг хангалуун хөгжингүй байдал эргэн ирж буйгийн богино настай, түр зуурын илрэлүүдэд төөрөгдөн будилж” үл болохыг сануулан сэрэмжлүүлж байсан юм. Сүүлийн хэдэн арван жилийн үйл явдлуудыг эргэн хянах аваас түүний ийнхүү нарийн нягт шинжилсэн үйл явцууд эрч хүчээ аван улам гаарч байгааг үл анзаарахын аргагүй билээ.
Задрал бутралын хүчнүүд нийгмийн эдийг хэр хэмжээнд илжрүүлснийг ойлгохын тулд ердөө л хүн төрөлхтнийг нөмрөөд авсан ёс суртахууны хямрал хэр зэрэг гүнзгийрч байгааг л эргэцүүлэхэд хангалттай билээ. Асран тэтгэгчийн туйлын тод томруунаар дүрсэлсэн хувиа хичээх үзэл, атгаг сэжиглэл, айдас, луйвар зэргийн нотолгоо баримт нь ямар ч тохиолдлын ажиглагчийн нүдэнд хүртэл илт байгаа бус уу? Түүний анхааруулж байсан терроризмын аюул хүртэл гариг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хөгшин залуу ялгаагүй хүн бүрийн оюун бодлыг эзлэн авах хүртэл олон улсын талбар дээр гараа далайсан байгаа бус гэж үү? Газар дэлхийн хоосон шохоорхол, эд баялаг, дур таашаалын хойноос хэзээ ч үл ханах шуналдаа автан галзуу мэт хөөцөлдөх явдал нь эрх мэдэл, нөлөөллөө зузаатгаж, тэр ч бүү хэл аз жаргал, үнэнч сэтгэл, хайр сэтгэл хэмээх хүмүүний эрхэмлэх үнэт зүйлсийг уландаа гишгэх хүртэл хүчирхэг болсон биш гэж үү? Гэр бүлийн эв санааны нэгдэл суларсан явдал, гэрлэлтэндээ хариуцлагагүй хандах хандлага нь бүр нийгмийн энэхүү анхан шатны суурь нэгжийн оршин тогтнолд заналхийлэхүйц цар хүрээнд газар авсан биш гэж үү? Шоги Эффендигийн анхааруулан сэрэмжлүүлж байсан “Хүний мөн чанарын гажуудал, хүний төрх байдлын ялзрал, хүний нийгмийн институцийн задрал, завхрал” нь туйлын харамсалтайяа “хамгийн муу муухай, хамгийн жигшим зэвүүцэм нүүрээ” харуулж байна.
Асран тэтгэгч бичихдээ, хүн төрөлхтөн ёс суртахууны хувьд унан доройтож байгаад хамгийн их зэмлэл хүртэх ёстой нийгмийн хүчин бол шашны уналт юм хэмээсэн юм. “Шашны дэнлүү унтрах аваас эмх замбараагүй ба хөлөө олохгүй төөрөгдөх байдал буй болж, шударга ёс, тэгш байдал, энх амгалан, амарлингуй тайван байдлын гэрэл гэрэлтэхээ зогсоно” хэмээн тэрээр Бахауллагийн үг айлдварт бидний анхаарлыг хандуулсан юм. Түүнийг өөрийн илгээлт захидлуудаас бичсэн цагаас хойш өнгөрсөн хэдэн арван жилийн турш ёс суртахууны нөлөөлөл үзүүлэх шашны чадвар улам доройтон мохсон төдийгүй шашны институциуд зүй бус үйлдэл, төрх байдлаараа үй олны итгэлийг хөсөрдүүлсэн билээ. Шашныг сэргээн амьдруулах гэсэн аливаа оролдлого нь хянаж барихгүй л бол хүмүүсийн хоорондын соёлт харилцааны үндэс суурийг устгаж болзошгүй хэт даврангуй фанатик үзлийг дэвэргээх үр дүнд л хүргэжээ. Сүүлийн үед Иранд улам ширүүсээд байгаа Бахайчуудыг хяхан хавчих явдал нь дангаараа итгэл сүсгийн галын дөл тод дүрэлзэж байгаа газар бүр харанхуйн хүчнүүд уг дөлийг унтраах гэж ямар их шийдэмгийгээр тэмцэж байгаагийн хангалттай нотолгоо болох билээ. Бурханы Үйл хэргийн эцсийн ялалтанд итгэлтэй байхын хажуугаар Шүтлэг маань өнгөрсөн үед учирч байснаас хавьгүй илүү хүчирхэг бөгөөд илүү хорлонтой дайснуудтай учран тулна хэмээсэн Асран тэтгэгчийн сэрэмжлүүлгийг мартаж яахан зүрхлэх билээ, бид.
Дэлхийн Эмх журмын талаарх захидлууддаа Асран тэтгэгчийн үнэнхүү чадварлагаар шинжилсэн бас нэгэн сэдэв бол төрт ёс байсан бөгөөд төрийн удирдлагын сул дорой байдлын талаар энд дэлгэрэнгүй тоочин тайлбарлах шаардлагагүй үгүй билээ. Баян, ядуугийн эдийн засгийн ялгаа гүнзгийрсэн, улс үндэстнүүдийн хоорондын улиг болсон түүхэн дайсагнал намжихгүй байгаа, аюулгүй бус түгшүүртэй байдал газар авсан, маш олон бүс нутагт хүн амыг наад захын үйлчилгээгээр хангах явдал нурсан, байгалийн нөөц баялгийг ямар ч хязгааргүйгээр хайр найргүй ашиглаж байгаа зэрэг нь хүн төрөлхтнийг өвчин эмгэгээс нь анагаах үр дүнтэй арга замууд боловсруулах талаар дэлхийн удирдагч нар юутай чадалгүй дорой байгаагийн цөөн хэдэн л жишээ юм. Энэ нь чин сэтгэлийн хүчин зүтгэл гаргаж байгаагүй, ийм хүчин зүтгэл сүүлийн хэдэн арван жилийн турш хэд дахин нэмэгдсэн гэдгийг үгүйсгэж байгаа хэрэг биш ээ. Гэхдээ хичнээн цэцэн ухаалаг байлаа ч эдгээр хүчин чармайлт нь “өнөөгийн нийгмийн тэнцвэрт байдлыг бүдүүлгээр алдагдуулсан муу ёрын голомт”-ыг устгах чадалгүй юм. “Дэлхий ертөнцийг улс төр, эдийн засгийн хувьд нэгтгэх механизмыг боловсрууллаа ч гэсэн… энэ нь дангаараа зохион байгуулалттай ард түмнүүд, улс үндэстнүүдийн эрч хүчийг улам улам сулруулж байгаа хорыг эсэргүүцэх бодис болж чадахгүй юм” гэж Асран тэтгэгч батлан бичсэн юм. “Энэ эрин үед хүмүүн төрөлхтнийг нэгтгэхээр Бурханаас заяасан арга замуудыг дотоод мөн чанартаа агуулсан” Бахауллагийн тунхагласан “Тэнгэрлэг Хөтөлбөрийг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авч, түүний арга хэрэгсэл бүрийнх нь алдаа мадаггүй үр дүнтэй байдалд бууршгүй итгэх итгэл үнэмшилтэй байхаас өөр юу ч, хэрэвзээ л хянаж зогсоохгүй бол сэтгэл мухардалд автсан нийгмийг цөм хүртэл нь улам идэж илжрүүлэх дотоод задрал бутралын хүчнүүдийг сөрөн зогсох чадваргүй билээ” хэмээн тэрээр итгэлтэйгээр бичсэн байдаг юм.
Дэлхий ертөнцөд эрч хүчээ аван улам гаарч байгаа задрал бутралын үйл явцын талаар өгсөн Шоги Эффендигийн тодорхойлолт үнэнхүү зүрхэнд нэвт шингэхүйц байна. Нэгдэл нягтралын үйл явцтай холбоотой хүчнүүдэд хийсэн мөн адил нарийн нягт дүн шинжилгээ нь бас л гайхал бишрэлийг төрүүлж байна. Тэрээр энэ талаар ярихдаа, “эмх замбараагүй нийгмийн үймээн дундаас аяндаа төрөн гарч ирэх дэлхийн эв санааны нэгдлийн оюун санааны аажим тархалт” нь хүн төрөлхтний нэг нэгдмэл байдлын зарчмыг тогтоосон Бахауллагийн үзэл санааны шууд бус илэрхийлэл хэмээсэн юм. Эв санааны нэгдлийн эл оюун санаа нь хэдэн арван жилийн турш тархсаар ирсэн бөгөөд арьсны өнгөөр гадуурхах ужиг болсон үзлийг няцаахаас авхуулан дэлхийн иргэншлийн ухамсар үүсэн буй болох хүртэл, хүрээлэн буй орчныг хамгаалах талаарх ойлголт нэмэгдэхээс авхуулан нийгмийн эрүүл мэндийг хөхүүлэн дэмжихэд чиглэгдсэн хамтын хүчин чармайлт хүртэл, хүний эрхийн асуудлаар сэтгэл зовнихоос авхуулан бүх нийтийн боловсролыг системтэйгээр дэлгэрүүлэх хүртэл, шашин хоорондын үйл ажиллагааг санаачлахаас авхуулан нийгэмд үйлчлэх ямар нэгэн хэлбэрийн үйл ажиллагааг явуулж буй орон нутгийн, үндэсний, олон улсын зуу зуун байгууллагуудын үүсэл хөгжил хүртэл өнөөдөр түүний үр нөлөө нь төрөл бүрийн чиглэлийн хөгжлөөс илт тодорхой байна.
Хэдий тийм боловч Бахауллагийн дагалдагч нарын хувьд нэгдэн нягтрах үйл явц дахь хамгийн чухал хөгжил нь Шүтлэгтэй шууд холбоотой үйл явдлууд бөгөөд эдгээрийн нэлээд хэдийг нь Асран тэтгэгч өөрөө санаачлан халамжлан өсгөсөн бөгөөд анх эхэлж байсан цагаасаа хойш эдгээр нь гайхалтайгаар хөгжин дэвшсэн билээ. Сургаалыг багшлах анхны төлөвлөгөөг түүнээс хүлээн авч байсан жижиг цөм бүлэг сүсэгтнүүд нь эдүгээ Шүтлэгийн зарчим, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон үйл ажиллагааны бат бөх үндэстэй хэв загварыг даган мөрдөж буй мянга мянган орон нутагт үндэс сууриа тавьсан дэлхий дахиныг хамарсан нийгэмлэг болон өргөжин өссөн билээ. Агуу үйлсийнхээ эхний хэдэн арван жилийн хугацаанд Асран тэтгэгчийн нөр их хүч хөдөлмөрөөрөө суурийг нь тавьсан Засаг захиргааны Журам эдүгээ зуун ная гаруй орнуудад Үйл хэргийн ажил хэргийг хичээнгүйгээр удирдан зохион байгуулж буй Үндэсний болон Орон Нутгийн Оюун Санааны Чуулгуудын өргөн далайцтай бөгөөд нягт уялдаа сүлбээтэй сүлжээ болжээ. Түүний үүсгэн байгуулсан Шүтлэгийн Хамгаалалт, Түгээн дэлгэрүүлэлтийг дэмжих Туслах Зөвлөлийн гишүүдийн анхны бүлгүүдээс одоо Олон Улсын сургалтын Төвийн чадварлаг жолоодлого дор үйлчилж буй наян нэгэн Зөвлөхийн удирдлагаар үйл ажиллагааны талбар дээр үйлчилж буй мянга шахам үнэнч ажилтнуудын арми болон өргөжсөн байна. Шүтлэгийн сүсэг бишрэлийн Дэлхийн Төвийн орчинд Засаг захиргааных нь Дэлхийн Төв хувьсан хөгжиж байгаа тэрхүү үйл явцад Асран тэтгэгч туйлын их эрч хүчээ зориулсан бөгөөд Кармел Уулан дээр Даян Дэлхийн Шударга Ёсны Ордон өөрийн суудлыг эзэлж, хожим Олон Улсын Сургалтын төвийн байр, Судар бичгийн хүрээлэнгийн байр ашиглалтанд орсноор амин чухал босгоо даван алхсан билээ. Тавин жилийн өмнө Шоги Эффендигээс Хукуллагийн Итгэмжлэгдсэн даамал хэмээн томилогдсон Бурханы Хэргийн Мутар Др.Али Мухаммад Варгагийн ивээл дор Хукукуллагийн институци нь тогтвортой хөгжин дэвшиж, улмаар 2005 онд бүхий л хүн төрөлхтөнд үнэлж баршгүй их адис ивээлийн эх сурвалж болох энэхүү хүчирхэг хуулийг илүү өргөн далайцтайгаар хэрэгжүүлэн дэлгэрүүлэх ажлыг дэмжих үүрэгтэй олон улсын зөвлөл байгуулагдсанаар оргилдоо хүрсэн юм. Шүтлэгийн нэр хүндийг олон улсын талбарт өргөх гэсэн Асран тэтгэгчийн хүчин чармайлт нь эдүгээ Шүтлэгийн ашиг сонирхлыг хамгаалахын сацуу түүний даяар илгээлтийг зарлан тунхаглах чадвартай гадаад харилцааны өргөн тогтолцоо болон хөгжсөн байна. Бахайн төлөөлөгчид олон улсын чуулга уулзалтуудад оролцох бүрийд Шүтлэг маань олны хүндэтгэлийг хүлээж байгаа явдал нь хамгийн тэмдэглүүштэй ололт амжилт бөлгөө. Бүхий л хүмүүн төрөлхтний олон янзын өнгө төрхийг тусгал болсон нийгэмлэгийн гишүүд Бахауллагийн Гэрээст туйлын үнэнч, бишрэлтэй байгаа нь өөр ямар ч зохион байгуулалттай бүлэг хүмүүст байхгүй хүч чадал бялхсан сан хөмрөг гэлтэй билээ.
Бүрэлдэн тогтох Үеийн удаа дараагийн эрин үеүдэд Даян Дэлхийн Шударга Ёсны Ордон нь Үндэсний Оюун Санааны Чуулгуудын “эв нэгдлийг бэлэгдэж, үйл ажиллагааг нь нэгтгэн зохицуулах” дэлхий дахиныг хамарсан цуврал хөдөлгөөнийг эхлүүлэх болно хэмээн Асран тэтгэгч урьдчилан зөгнөсөн юм. Эдүгээ шат дараалсан гурван эрин үеийг дамжин Бахайн нийгэмлэг Шударга Ёсны Ордоноос гаргасан дэлхийн Төлөвлөгөөний хүрээнд хичээнгүйгээр хөдөлмөрлөж ирсэн бөгөөд хувь хүний оюун санааны хөгжлийг хөхүүлэн дэмжиж, нийгмийн оюун санааны сэргэн мандалтын зүг гишүүдийнх нь хамтын эрч хүчийг чиглүүлэх Бахайн амьдралын хэв загварыг буй болгож чадсан билээ. Тэрээр мөн хүлээн авах чадвартай олон тооны хүмүүст хүрч, тэдний итгэлийг баталгаажуулж, хүлээж авсан Шүтлэгийнхээ үндсэн суурь сургаалын талаар ойлгох ойлголтыг нь гүнзгийрүүлэх хүчин чадалтай болж чадсан юм. Түүнчлэн Шүтлэгийн Үндэслэгчийн тунхагласан зөвлөлдөөний зарчмыг хамтын шийдвэр гаргах үр дүнтэй арга хэрэгсэл болгон ашиглаж, түүнийг ашиглах талаар гишүүдийгээ гэгээрүүлэн сургах талаар суралцсан байна. Тэрээр залуу гишүүдийнхээ оюун санааны болоод ёс суртахууны боловсролд зориулсан хөтөлбөрүүд боловсруулж, түүгээ зөвхөн өөрсдийн хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд хүртээгээд зогсохгүй нийт нийгэмд буй хүүхэд багачууд, өсвөр насныханд хүртээл болгосон байна. Өөрт байгаа авъяас билгийн сангаараа тэрээр өөрийн шаардлага хэрэгцээг хангах төдийгүй олон нийтийн сонирхолд нийцэх олон арван хэл дээрх ном зохиолын арвин баялаг сан хөмрөгийг бүрдүүлжээ. Бахайн нийгэмлэг нь нийгэмд болж буй үйл явдлуудад улам их оролцох болсон агаад нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих маш олон төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2001 онд тавдугаар эрин үе нээгдэхэд орон нутгийн нийгэмлэгийн анхан шатанд хүрч чадах сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүний нөөцөө олон дахин нэмэгдүүлэхэд дорвитой том алхмууд хийсэн бөгөөд өсөлтийн тогтвортой загварыг буй болгох аргачлал, арга хэрэгслүүдийг нээсэн байна.
Энд дүрслэн бичсэн хүчнүүд хоорондоо ийнхүү харилцан үйлчлэлцэж буй ерөнхий дүр зургийн хүрээнд “хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулах”-ын онц шаардлагыг авч үзэх ёстой юм. Одоо гараагаа эхэлж буй Таван Жилийн Төлөвлөгөө нь та бүхнээс өөрсдийн эрч хүчээ чухам энэхүү үйл явцад төвлөрүүлж, түүний цөмд орших бие биеэ нөхөн гүйцээсэн хоёр хөдөлгөөнийг түргэсгэх явдлыг баталгаажуулахыг шаардаж байна. Энэ бол та нарын сэтгэл санааг эзэмдэх тэргүүн зүйл байх ёстой. Хүчин зүтгэл тань үр жимсээ хайрлаж, өсөлтийн явц боловсронгуй шинэ төвшинд гарах тэр үед Дэлхийн Төв дээр тодорхой даалгавар, боломж бололцоонууд гарч ирэх агаад ирэх таван жилд гадаад харилцаа, нийгэм эдийн засгийн хөгжил, засаг захиргаа ба Бахайн хуулийн хэрэгжилт зэрэг салбарт Дэлхийн Төв дээр хийгдэх ажлууд ундрах болно. Нийгэмлэг өсөн тэлсний улмаас мөргөлчийн тоог нэмэгдүүлэх шаардлага аль хэдийн урган гарсан бөгөөд 2007 оны 10 дугаар сараас эхлэн мөргөлчдийн бүлэг бүрт дөрвөн зуун хүн багтахаар тоог хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд зохих бэлтгэлүүд хийгдэж байна. Үүнээс гадна өөр хэд хэдэн төслийг хэрэгжүүлэх ёстой билээ. Үүн дотор Бахауллагийн Бунханг тойрсон цэцэрлэг, мөн Ризваны Цэцэрлэг, Мазрайн эдлэн газрын цэцэрлэгүүдийг цааш нь улам тохижуулах, Олон Улсын Архивын барилгыг сэргээн засварлах, одоогоор шаардагдах ажлын цар хүрээ нь тодорхой бус байгаа боловч мөн Бабын Бунханы барилгыг засварлах ажил, Асран тэтгэгчийн зөгнөснөөр тивийн шинж чанартай сүүлийн Машрикул-Аскар болох ёстой Чили дэх Мөргөлийн Ордонг барьж байгуулах ажлууд багтаж байна. Эдгээр ажлууд урагшлан явагдахын хэрээр бид санхүүгийн дэмжлэг болон мэргэжлийн туслалцааг хүсэн үе үе та бүхэнд хандах бөгөөд ингэхдээ Шүтлэгийн нөөцийн аль болох дийлэнхи хувийг Төлөвлөгөөний шаардлага хэрэгцээнд чиглүүлэх ёстой гэдгийг санах болно.
Эрхэм анд нөхөд өө: Задрал бутралын хүчнүүд цар хүрээгээ тэлж, эрч хүчээ улам авч байгааг үл анзаарч болно. Түүнчлэн Агуу их Алдарын нийгэмлэг нь Тэнгэрлэг Мутарын ивээл дор хүч чадлаас хүч чадалд хүрч байгаа бөгөөд харин одоо хэмжээ дамжаагаараа өсч, өөрийн нөөцийг нэмэгдүүлэн бэхжүүлэх ёстой гэдэг нь тодорхой байна. Таван Жилийн Төлөвлөгөөний чиг зам маш шулуухан билээ. Тэгвэл бидний дундаас хүн төрөлхтний хувь тавиланг мэдэж байгаа, түүхэн явц хэрхэн өрнөж байгааг ухаарч байгаа тэдгээр анд нөхөд түүний зорилгыг биелүүлэхэд өөрсдийгөө зориулан бүхий л хүчин чадлаа дайчлан эгцлэн босохгүй байж чадна гэж үү? “Тохироо бүрджээ” хэмээсэн Асран тэтгэгчийн үг Долоон Жилийн анхны Төлөвлөгөөний үед үнэн байсан шиг өнөөдөр ч гэсэн үнэн биш гэж үү? Түүний үгс та нарын сонорт дахин цуурайтан сонстох болтугай: “Бидэнд алдах цаг үгүй.” “Тээнэгэлзэн алгуурлах зай завсар үлдсэнгүй.” “Ийм боломж бололцоог юугаар ч солихын аргагүй.” “Оролд, шантралгүй зүтгэ, чингэвээс эцсийн бөгөөд бүрэн дүүрэн ялалтыг баталгаажуулна.” Та бүхний удирдамж, хамгаалалтын төлөө бид Ариун Босгонд үргэлжлүүлэн залбиран мөргөх болно гэдэгт итгэлтэй байгтун.
- The Universal House of Justice